Ерөнхий мэргэжлийн эмч (ЕМЭ)
Ерөнхий мэргэжлийн эмч (ЕМЭ) нь таны өвдөх үед хамгийн түрүүнд хандах ёстой эрүүл мэндийн ажилтан юм. Тэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эм бичиж өгөх, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, мөн шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч эсвэл эмнэлэгт илгээх үйлчилгээ үзүүлдэг.
Таны эрүүл мэнд болон эрүүл мэндийн асуудлуудыг илүү сайн мэдэж ойлгохын тулд үргэлж нэг эмчид (ЕМЭ) үзүүлж байх нь хамгийн зөв байдаг.
Хэрэв танд эм хэрэгтэй бол ерөнхий мэргэжлийн эмч тань эмийн жор бичиж өгнө. Зарим эм, жишээлбэл антибиотик нь эмчийн жортой байх шаардлагатай. Та тэр жорыг эмийн санд авч очоод эмээ худалдаж авах хэрэгтэй.
Хэрэв танд Медикэр карт байгаа бөгөөд ерөнхий мэргэжлийн эмч тань багцын төлбөртэй бол таны үзлэг үнэгүй байна. Харин таны ерөнхий эмч багцын төлбөр хийдэггүй бол та төлбөрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг өөрөө төлөх хэрэгтэй болно.
Зарим ерөнхий мэргэжлийн эмч үйлчилгээнийхээ төлбөрийг хямд авах, эсвэл таны хувийн эрүүл мэндийн даатгал болон гадаад оюутны эрүүл мэндийн даатгал таны үзлэгийн төлбөрийг төлөх боломжтой.
Үзлэгт цаг авахаасаа өмнө ерөнхий эмчид үзүүлэх төлбөр төлөх шаардлагатай эсэхийг заавал шалгаж тодруулаарай.
Нарийн мэргэжлийн эмч
Нарийн мэргэжлийн эмч нар нь тодорхой эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг эмчлэх, асрах чиглэлээр мэргэшсэн эмч нар юм. Хэрэв танд нэмэлт шинжилгээ эсвэл тусгай эмчилгээ хэрэгтэй бол ерөнхий мэргэжлийн эмч таныг нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөнө. Жишээлбэл, хэрэв та зүрхний асуудалтай бол эмчилгээ, асаргааг нарийн хянах зүрхний эмчид үзүүлэх шаардлагатай болно.
Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд та ерөнхий эмчээсээ илгээх бичиг авсан байх ёстой бөгөөд мөн үзлэгийн цаг захиалах шаардлагатай.
Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх төлбөр өндөр байх боломжтой. Медикэр карттай байсан ч гэсэн та төлбөр төлөх шаардлагатай байж магадгүй. Зарим нарийн мэргэжлийн эмч нар хувийн эрүүл мэндийн даатгалаар хямд үйлчилгээ үзүүлдэг.
Танд тохирох ерөнхий эмч эсвэл нарийн мэргэжлийн эмчийг олохын тулд энд дарна уу.
